Япончуудын өвөрмөц сэтгэлгээ, бусдаас ялгарах чадвартай мэдээж ярих зүйл байхгүй. Монголын залуусыг Япон залуустай харьцуулна гэдэг хэтэрхий өрөөсгөл болно. Гихдээ энэ нийтлэлийг бичиж байгаа учир нь сүүлийн үед Монголын залуус брэнд гэж хошууран оригинал, хуурамч нь ялгагдахын аргагүй LV хэрэглэдэг болж.
Би хувьдаа Louis Vuitton-н цүнхгүй. Авч чадахгүйдээ биш, хэрэггүй болохоор, хэрэгцээнд таарахгүй болохоор тэр. Учир нь $1000-$2000-р цүнх авах хүний шүүгээнд тийм үнэтэй брэндүүдийн цүнхнүүд, $500-$5000-н брэнд хувцаснууд, аксесуарууд байх шаардлагатай. Мөн амьдралийнх нь хэв маягийг пропорцоор бодвол жилдээ 2 удаа дулаан орны арлуудаар аялчихдаг, энд тэндхийн арга хэмжээнд уригддаг, жил бүр хувцасаа шинэчлэдэг байх учиртай. Нэгэнт миний амьдралын хэв маяг одоогоор тийм биш болохоор тийм юм шиг харагдах гэж худлаа хичээхгүй. Тэгээд ч нөгөө талаар ямар нэг брэндийн лого гялалзуулж үнэгүй зарлалын самбар болж явах шиг онцгүй зүйл байхгүй.
Насандаа тохироогүй брэндийн зүйл хэрэглэх нь эмэгтэй хүнийг гутаадаг. Жаахан охин заавал хичээн барин үнэтэй 1000 доллар давсан цүнх барих утгагүй. Эд зүйлийн боол болж, эд зүйлээр өөрийнхөө дутууг нөхөхийг хүсэх бол өрөвдөлтэй сэтгэлгээ. Мэдээж үнэхээр сайн материалаар сайхан эсгэж оёсон хувцас өмсөх сайхан л даа. Брэнд, материал, өөрийн дуртай зүйлсээ мэдэж брэндийг хэрэглэх, мэдэхгүй олныг дагаж шуурах хоёрын хооронд том ялгаа бий. Нүүрээ зөв будаж, хүнтэй зөв харьцаж, наад захын дэлхийн соёл урлаг мэдэхгүй байж өөрт ахадсан брэнд хэрэглэвэл брэнд, хэрэглэж буй хүн хоёрын ялгаа гарч хөндлөнгийн хэнд ч мэдэгдмээр инээдтэй харагддаг.
За яг хэлэх гэсэн санаагаа хазайлгаад байна. Ер нь бол Холливуудын одод шиг хувцаслаж, тэдэн шиг хэрэглээгээ өндөрсгөсөн хүмүүс байхгүй биш байж болно. Харин ч би тэр өндөрлөгт хүрсэн хүмүүсээр бахархаж байна. Өндөр чадвартай, боловсролтой байгаад өнөөдрийн түвшинд хүрсэн бол Америкчуудын хэт коммершэл амьдралын хэв маягийг нь дуурайх биш Монгол брэндийг бий болгох чадвартай байгаасаа гэж хүсч байна.
Монгол брэнд гэж юу байж болох уу гэхээр нөгөө ноолуураас өөр зүйл санаанд нь бууж ирэхгүй ийм сэтгэлгээний доройтолд орсон.Би ч бас ялгаагүй энэ тал дээр өөртөө шүүмжлэлтэй хандаж байгаа учраас энэ нийтлэлээ бичиж байгаа юм. Хүн бүр өөр өөрийнхөөрөө имиджээ бүрдүүлж чадна. Заавал Япон юмуу Америкийг дуурайх биш. Мэдээж тэднээс сурах, авах зүйл их байгаа. Гэхдээ Монголын залуус багагүй хугацаанд Солонгос г.м орныг бишрэн шүтэж дуурайлаа. Үнэхээр тэхээс ч өөр аргагүй нийгмийн шалтгаан, хөгжлийн хоцрогдол байсан.
Одоо тэрнээс гарч өөрсдөө сэтгэх, өөрсдийн давуу талаа олох, амьдралын хэмнэл болгох цаг болсон. Монгол брэнд, монгол залуусын сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл бусад орныхтой харьцуулашгүй байж чадна гэж би итгэдэг. Хэрвээ одоо л сайн муу хамаагүй копидохоо зогсоохгүй бол, Хятад шиг хуулбарлагч орон болж хэзээ ч тэр сэтгэлгээний доройтлоос гарч чадахгүй.
Өндөр хөгжилөөс уруудан доошоо явж байгаа орнуудыг дуурайх уу? Өөрсдийн хөгжилөө бий болгоод цааш нь хөгжүүлж явах уу? Энэ талаар би залуу хүнийхээ хувьд өөртөө хариуцлага өгөнгөө,бас бодлоо хуваалцахаар бичлээ.